Thursday, April 26, 2007

Бин Ладенууд ба даяаршлал

Би ойрдоо ямарч идэвхи алга, залхуу нь дэндээд тэрнээсээ салахаас айгаад байгаамуу, яагаад байгаан чөтгөр бид 2 бүү мэдээ. ёстой яаамааар чгүй байна.
Хүмүүсийн блог уншаал сууж байх нь сайхан ч юм шиг санагдах боллоо. Энэ залуу шиг ингэж бичиж чадкүү болохоор бичлэгийг нь энд тавьчлаа, Аль болох олон хүнд уншуулмаар санагдаад. Уншиж дуусаад танд ч гэсэн тйим сэтгэгдэл төрнө гэдэгт найди.


Бин Ладенийг мэдэхгүй хүн Монгол байхгүй юм шиг мөртлөө бас үнэхээр мэддэг хүн ховор бололтой. Бин Ладен гэж хэн бэ гэхээр үлгэрт гардаг 15 толгойтой атгаалжийн хар мангасны хэмжээний лайтай террорист гэдгийг нь гадарлах мөртлөө үнэхээр юуны учир терророор мэргэжин энэ чиглэлээр дэлхийд тэргүүлээд байгааг хэлээд өгөх хүмүүс цөөн ажгуу.

Бин Ладен нь Саудын Арабд язгууртны гэр бүлд төрж өсчээ. Хуучнаар ЗХУ Афганистанд цэргийн хүчээр нэвтрэх үеэс эхлэн үзэл бодол нэгт нөхөдтэйгөө хамт Мактаб Ал Хадамат гэх байгуулгад зүтгэн, АНУ-гийн тусламжтайгаар ЗХУ-н эсрэг нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж явсан байна. 1989-д онд ЗХУ Афганистанаас цэргээ татсанаар тугал хариулж явсан мужахадин (ариун байлдагч гэсэн утгатай) туг бариж, улс орны хувь заяа нь удалгүй 1992 онд талибуудын алганы зураасанд бууж хоцорчээ. Удалгүй ЗХУ тусгаар тогносон олон улс болон задархад Афганистанд үлдсэн юм гэвэл хэдэн бод мал, зэр зэвсэг л байв. Загасны уурганаасаа салсан Тальбуудад амьдралаа залгуулчих ур чадвар гэвэл пуужингаар гол руу харваж “засагчилж” сурсан явдал байв. ЗХУ-н задралтыг АльКайдаг гэх Бин Ладений толгойлсон бүлэглэл тайлбарлахдаа тэдний ариун дайнд ялагдаж улмаар бутарсан хэмээх “гажиг” оношыг эхогоор харсан юм шиг өгөв. Өөх өгсөн хүнд өстэй гэдэг шиг Ладен ах ч бурханд ивээгдсэнээ “бярдаж” 1990-д оны дундаас өмнөх дайнд нь тэтгэж байсан АНУ-н эсрэг ухаан жолоогүй боргоож эхлэх нь тэр. Яагаад дайн зарлачихав гэхээр Америкид үйлдвэрлэсэн гар оврын катюуша (стингер пуужин) таалагдаагүйдээ бус харин эх болсон Саудын Араб-д нь америкчууд байрласнаас болсон аж. Даяаршиллын энэ эрин зуунд сэтгэлгээний хоцрогдлоосоо салаагүй Ладенд стингер бариулсан нь эргээд бумеранг адил буцан духан дундуур татаад авах нь тэрээ.

Өнөөдөр гадны компани байтугай гадаадын мэргэжилтэнгүүдийг хөөх хүсэлтэй Бин Ладенгууд Монголд цөөнгүй байна. Хятад данжаадыг бүү хэл Америк нөхдөө хөөж туусан, хардаж хавьчсан хэлбэр олон янзаар үзэгдэж байгаа бөгөөд зарим нэг Монголчуудад стингер байтугай гар буу бариулбал баруун зүүнгүй гал нээж мэдэх хэмжээнд хийрхэл нь хөөрч, хэрээс хэтэрчээ. Хороололын дундах хана болон 7-н буудалын хашаанд нийтийн жорлоны үүдэнд бичихээс халширмаар бичиглэл үзэгдэх болсон нь цөсний хөөрөл ихтэй хэдхэн залуусын муйхар үйлдэл боловч дэлхийн 2-р дайны үеийн Хитлер Юунг-г санагдуулах энэхүү сэтгэлгээний хоцрогдолоороо бахархах үйлдэл нь Чингисийн царайд биш юмаа гэхэд Монголын имэж-д сорви болон тодрох ажгуу. Нутгаасаа гадны хөрөнгө болоод хүмүүсийг хөөсөн Бин Ладенизм нь Монголд хөгжиж байгаа нь нөгөө л бидний сэтгэлгээний хоцрогдолд байгаа юм. Монгол хүн өөрөөс нь нэг нь илүү гараад ирэхээр түүнтэй үүсэх өрсөлдөөн дээр тулгуурлаж өөрөө дэвшихээ бодохгүй харин чиг сайн яваа нэгнээ доош нь татаж өөртэйгээ ижилсүүлэх аргаа сүвэгчилж толгойгоо гашилгана. Энгийн жишээ л гэхэд гудамд Монгол бүсгүйтэй яваа гадаад эрийг хараад хэл амаар дайрч доромжлон аанай л зодох шахна. Хэрвээ чалх, чадвар хоёроос нь болоод Монгол бүсгүйчүүд гадаадын хүний хойноос гүйгээд байна гэвээс Виагра олж уу л даа. Бүсгүйчүүд маань мөнгөний хойноос хуйлраад байна аа гэвэл бизнес эрхлээд мөнгө олоод өөрийнхөө араас хошгоруулж бас болно ш дээ найзаа! Харин тэгж чадахгүй бол гадаадыхныг хавьчиж гадуурхаад яах юм бэ? Чалхгүйгээ зарлаж байгаа, мөнгөгүйгээ мэдүүлж байгаа хэрэг биш болохоор муухай биз дээ, аан?

1998 онд Бин Ладенийг анх дайн зарлахад нь Америкчууд энэ сахалт хар ямар армиар дайрах гэж байгаа юм бол хэмээн гайхширч байсан билээ. Арай л доор үзүүлсэн зурагны дайтай юм болох вий гэсэн өхөөрдөл төрсөн ч байж магад.

Мэдээж тэр үед энэ сахалт харын хэнээрхэл хэр хол очиж хор хүргэхийг хэн ч хэлж мэдэхгүй байв. Олон улсын иргэний болон улс төрийн эрхийн конвенцид Монгол улс 1974 онд нэгдэн орж, уг конвенци хэрэгжиж эхлснээс хойш даруй 30-н жил өнгөрч манай хувьсгалт улс ч коньвенцийн дагуу болоод үндсэн хуулийнхаа дагуу хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэдэг ардчилсан улс болж хөгжсөн баймаарсан. Гэтэл нэг л бишээ. 1963 онд БНХАУ-ын тусламжаар баригдсан Энхтайваны гүүрийг засаж буй өвөрлөгч нарыг хоёр талаас нь бүсэлж ирээд зодсон байх юм. Уул нь тэд Богдыг нь унагаах, засгийг нь түйвээх гамин биш харин ч барилгыг нь барих, замыг нь засахаар орж ирсэн “ажилсаг хужаа” нар байлтай. Монголд буй Бин Ладенчууд яаж шавардаж, хэрхэн бүрж байгааг нь сураад авая гэхээсээ илүү нүдийг нь тендэе, хавиргыг нь хугалая гэсэн бодолтой байх юм. Тэгээд нүдэнтэй тентэй, зүрхэндээ хясалтай гадаадынханыг гаргаад оронд нь бид шаварыг нь зуурч суурийг нь тавье гэхээр гүүрнийхээ зурагтай, засварыг нь чанартай хийчихээр чадварлаг хүмүүс Бин Ладенчуудын дунд бий билүү? Ёстой л батгана болоогүй байж дүнгэнэсэн нөхдүүдийг яалтай нь билээ! Зоргоор нь тавьж, зөнгөөр нь явуулбал өнөөдрийн Монголын Бин Ладенчуудын энэхүү хэнээрхэл маргааш хаана очиж төгсөхийг хуучин До яамны ямар ч чекист хэлж үл чадна.

Бин Ладен 100 жилийн өмнө төрөөд Саудын араб болон ойр хавийн араб улсыг гадны нөлөөллөөс тасалж Берлиний хана шиг хамгаалалтыг тойруулж босгож чадсан гэж төсөөлвөл өнөөдөр тэнд хүмүүс тэмээ унан цөлд давхиж байх бөгөөд тэнгэр багантсан барилгуудтай хот байтугай тосгон ч цөөхөн байх байсан буй за. Харин Дубай өнөөдөр хөгжиж Араб байтугай Африкийг хангах Хятад болж, Саудын Араб нь Сахарын цөл шиг байснаа өнөөдөр харин хөгжингүй дэвшиж байгаа улс болон өөрчлөгджээ. Яамай даа, Бин Ладенчуудын тоо Монголд битгий хэл эх нутагт нь ч бас цөөхөн аж. Бин Ладенизмын уриа бол “Комбинатын атаман Мандах би хоёр 40 мянгатын атаман Доёо-гийн эсрэг, харин би, Мандах Доёо гурав гадны тэр хувалзын эсрэг” юм. Гэтэл даяаршлалын хурд хүч шаардсан энэ үеийн уриа бол “3-н Хятад шавар зуураг, 2 Герман инжинер зураг төслийг нь бэлдэг, 4-н Монгол эрс туйпуу өрөг, нэг Америк нөхөр бариж буй байрны хөлслөгчийг олог тэгээд байшин дуусан хойно нь хөлсүүлээд ашгаа хуваацгаая” юм.

Хэрэв Монголын Бин Ладен та эх орноо мандан бадруулахаар нүд тендэж, хавирга хугалж гүйж байгаа бол таньд зорилго ч, арга ч алга гэж хэлмээр байна. Монгол орны мандан бадруулах нь зорилго биш зүгээр энгийн лоозон юм. Жинхэнэ зорилго гэвэл Мянганы хөгжлийн зорилтуудыг хэлж болно. Тэгээд ч хүн алж хүрээ тэлснээр Монгол хөгжихгүй. Даяаршиллын эерэг талыг харах мэлмий дутан, хийрхэлд умбан, хэнээрхэл дээр дөрөөлөн, үзэн ядалтаар зэвсэглээд байвал өнөөдөр бид Бин Ладинизм-р л өвчилж, цаашид өвчин ч сэдэрч удахгүй Монголыг Америк биш Афганистан шиг болгож, Азийн араас биш Африкийн зүг рүү л хөтлөх нь тодорхой. Тийм ч учраас цөөхөн хэдхэн Монголчууд бид даяаршлалын энэ эринд үүссэн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, сэтгэлгээнийхээ хоцрогдлоос бага ч болов ангижирч, эртхэн шиг террор биш ашиг хөөж эхэлбэл сайнсан.

Бин Ладенчуудад хандаж эцэст нь хэлэхэд хүн алж болохгүй, ургамал ч тасдсаны хэрэггүй. Та өөртөө л санаа зов. Тэрний төлөө Монгол улс танд баярламой.
Монгол үрсийн хөх толбо бүү арилсугай!

Бажууд Б.Дөлгөөн.

Эхийг эндээс

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдлээ үлдээнэ үү