Tuesday, February 19, 2008

Үнэн үг

Ам нэг байхад, чих хоёр байдаг юм үгээ мэд
Амьдрал ганц байхад сонголт олон байдаг юм замаа мэд
Хань ганц байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд
Амжилт таныг тосож байхад, алдаа таныг отож байдаг юм өөрийгөө мэд ... Дэлгэрэнгүй..

Thursday, February 14, 2008

Хайрт аав болон дүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе

Энэ өдөр хайрынхаа төлөө үхсэн Валентин гэдэг ламын гэгээн дурсгалд зориулж хосууд гэгээн хайрын өдөр болгон тэмдэглэдэг болсон уламжлалтай. Бүх хйр дурлалдаа умбаж буй бас умбах гэж буй, ер нь л ариун хайр дурлалтайгаа учирсан, учирчаад байгаа бүх хүмүүст Гэгээн Валентины Баярын мэнд хүргэе. Бие биедээ урам хайрлаж амьдаряаа, хүмүүсээ. Нэлээн хадуурах гэжийнэ.
Гол нь намайг өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн хайрт аавын минь, газар дээрх ганц ахын маань хайртай охиных нь энэ хорвоод мэндэлсэн өдөр. Бас аав ээж 2ын маань амьдралаа холбосоно ойн баярын өдөр. Тэр чигээрээ манай гэр бүлийн баярын өдөр юм байгаа юм. Тэгжийгаад ирээдүйн эхнэртэйгээ энэ өдөр хуримаа хийнээ гэсэн, хэхэ. Дэлгэрэнгүй..

Thursday, February 7, 2008

Цагаан сар, хар нулимс

За дахиад нэг юм хуулж оруулахгүй бол санаа амрахгүй нь. Ойрд зав муутай шинэ бичлэгүүд оруулж амжихгүй байгаа хэдий ч энэ 2 нийтлэлийг 1 өдөр, 1 цаг 1 минут ч алдалгүй олон хүнд хүргэе гэсэн хуслээр битүүн гэж нэрлээд байгаа 7-ны энэ өдөр ажлынхаа сандлаас бөгс өндийлгүй сууж байна.
Тэрбиш 20 жилийн турш өөрөө зохиоцон юм шиг цаг тооны бичиг гэж нэрлээд бизнес хийж байгааг мунхаг хүн биш бол одоо ойлгох цаг болсон байхаа.
Монголчууд зан заншил, шашин 2ыг ялгалгүй холиод л байх шиг...

эхийг эндээс авав.


Цагаан сараар золговол жилдээ багтаж үхэх гэнэ. Золголтоо хорин дөрвөн цагаар зөрүүлж орхивол шүү дээ. Нарийн эд байгаа биз? Гэр бүлээрээ гайтай 24 цагийг нь зөрүүлж орхивол голомт нь цайрах аж. Улсаараа ийм зөрөө гаргавал... еэ ванд лхам минь, аягүй бол дэлхий сөнөх бололтой. Энэ бүхнийг ягштал мэддэг хэд энэ талаар зурагтаар ярьж ард түмнээ сэрэмжлүүлж байна. Хариуд нь шар улааныг тунаруулсан бүлгийнхэн гарч ирж зад эсэргүүцэв. Харин ч эхний хэдийн зааж өгсөн өдөр золговол гай барцад болох гэнэ. Үүнийг маш олон төрлийн шинжлэх ухаан баталсан аж. Шинжлэх ухаан ярьж байх хооронд нь Эйнштэйний нэр хэд хэдэн удаа хавчуулагдаад амжив.
Хүн төрлөхтөн хэдийнээс эхлэн цаг хугацааг тоолж эхэлсэн юм, бүү мэд. Лавтай эртний вавилон, ассир, шүмэр, египтчүүд өөр өөрийнхөөрөө тоолдог байж. Дүрсээ байнга өөрчилж байдгийн хувьд сар илүү баримжаатай байсан учраас сарны тоолол өргөн дэлгэрчээ. Гэхдээ сарны мөчлөг 29,5 хоног болохоор энэ хагас өдөр нь хоёр сарын дотор бүтэн хоногийн зөрөө болчих учраас засварын программ хэрэгтэй. Энэ засварыг газар газар янз бүрээр хийнэ. Иймээс сараар баримжаалсан хуанли иргэншил соёл бүрд өөр өөр байдаг аж. Нарны “засварын программ” тун ялимгүй. Гэхдээ л мянга гаруй жил өнгөрсний дараа бүтэн арав хоногоор зөрүү гарч байсан тул Юлианы хуанлийг дундад зууны үед Ромын пап Григорийн лүндэнгээр зассан учир “Григорийн хуанли” гэх нэр гарсан байна. Өнөөдөр бүх дэлхий даяараа энэ хуанлийг албан ёсоор хэрэглэдэг. Оросууд 1918 он хүртэл хуучин Юлианы календарьтай байсан учир Ленин үнэндээ ноябрь сард төрийн эргэлт зохион байгуулсан боловч түүхэнд “октябрийн хувьсгал” нэрээр үлджээ.

Тоолол болгон зөв. Тоолол бол байгалийн хууль биш. Өдөр шөнө, өвөл зун болдог, дэлхий нарыг тойрдог, өөрийг нь сар тойрдог, энэ бүхэн өөрийн мөчлөгтэй нь байгалийн явдал. Нэгэнт хорвоо хүнд тохируулж орчдоггүй болохоор хүн өөртөө зориулж ойлгомжтой хялбар тоолол зохиохоос өөр аргагүй. Ингэхээр нар сар одны орчлыг түшиглэж тоолол зохиох, баримтлах, цаг хугацааг хэмжих нь хүний явдал. Хүссэн хэн ч өөрийн тоолол шинээр зохиогоод гэртээ өөрөө мөрдөөд явж болно, гагцхүү бусадтай энэ хэмжүүрээрээ ярихаар л жаахан үл ойлголцол гарах байх. Иймээс бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн тоолол хэрэгтэй болно. Бидний метр гэж яриад байгаа нь Си системийн уртын хэмжүүр. Үүнийг тохойгоор хэмжсэн ч, фүтээр илэрхийлсэн ч, лигээр ярьсан ч зарчмын ялгаагүй. Биенд нь шилжүүлээд ойлгочиж болно. Нийтээр хүлээн зөвшөөрөгдөх асуудал нь харин янз янз. Өдгөө дэлхий даяараа албан ёсоор Си системийг хүлээн зөвшөөрсөн нь хоорондоо ойлгоцох эвийг нь бодсон хэрэг. Ялгаагүй, та 38 размерийн гутал өмсдөг бол Си системээр 25, англи системээр 6 номер болж орхино. Хэнийг нь буруу гэж хэлэх аргагүй, алийг нь ч шинжлэх ухааны аргаар буруутгах бололцоогүй. Цагийн тоолол ч адил. Хүсвэл шинэ оноо зун ч солилцуулж болно, намар ч тэмдэглэж болно. Хүний түүхэнд ийм тохиолдол бишгүй нэг тохиосон. “Январь” гэдгийг өөр тооллын уламжлалтай бид нар л “нэгдүгээр сар” гээд нэрлэчихсэн болохоос цаанаа ийм утга байхгүй.

Тоололд харин түүхэн утга бол бий. Зуунаар биш жарнаар тоолон жил болгонд амьтны нэр өгдөг уламжлал нүүдэлчдээс гарсан гэдэг. Тодорхой хэлбэл түрэгүүд ийм юм бодож олжээ. Гэхдээ тухайн жилийг хулгана гэж нэрлэснээс болоод хулгана ихээр үржих, хүний амьдрал хулганыхтай төстэй болох зэрэг байгаллаг утга огт байхгүй. Зүгээр л цэвэр бэлгэдлийн чанартай. Хятадууд нэн эртнээс сарны тоолол хэрэглэдэг байсан, харин амьтнаар он жилийг бэлгэдэн нэрлэх ёс тэдэнд хожим шингэжээ. Хятад тооллыг монголчууд “шар зурхай” гэнэ. Манжийн мэдэлд байхдаа монголчууд албан ёсоор шар зурхайг дагадаг байв.

Харин 1747 онд Ишбалжир хэмээх гэлэн нэгэн тоолол зохиосныг “төгсбуянтын тоолол” гэнэ. Тэр үеийн монголчуудын төвлөрөл байсан Хөх нуур орчимд юм болов уу. Улаанбаатар энэ үед нүүж явсан учир Туулын хөвөөнөөс 300 гаруй км-ын зайд байлаа. Гэлэн тоолол зохиохдоо хятадын уламжлалт тооллын алгоритмыг өөрчилж, ердөө л өнөө 29.5 өдөр гэдгийн бутархайг шилжүүлж тооцохдоо “засварын программ”-ыг шинэчилжээ. Тэрээр битүүнд саргүй (сар алга болно гэж байхгүй л дээ, нартай хамт мандчихаар энгийн нүдэнд харагдахгүй байгаа хэрэг), харин 15-нд заавал тэргэл сартай байхаар тооцсон учир үүндээ баригдаад зарим өдөр давхцана, зарим нь алгасна. Ингэхээр бичиг цаас тооцоо энэтэр гэхгүй календарийн баримжаа шууд тэнгэр дээр гараад ирдэг учир нүүдэлчдэд нэн тохиромжтой байсан бололтой. Битүүн, арван таван гэсэн ойлголт хятад тоололд үгүй. Бичиж үлдээсэн судартаа “тэрслүүдийн зурхай одондоо мэргэн тул авч хэрэглэв” гэж тодотгожээ. Энэ нь сарны хөдөлгөөнийг байрлах одоор нь тодорхойлох лалын тооллын аргыг оруулав гэсэн санаа. Тэрслүүд гэдэг нь лал гэсэн төвд үгний орчуулга. Лалынхан астрологиос эхлээд астроном хүртэл маш сайн судалсан уламжлалтай. Манж Хятадын эзэрхийллийг эсэргүүцсэн бэлгэдэл нь хийгээд илүү дутуу тооцоо байхгүй шууд тэнгэр хараад хэлж болдог практик ач холбогдлоосоо болоод монгол ардууд өргөнөөр хэрэглэж эхэллээ. Энэ нь Хятадын цагаан сараас заримдаа нэг өдрөөр, заримдаа нэг сараар зөрнө. Ингээд “Монголын цагаан сар” гэсэн шинэ нэр гарчээ. Манай цагаан сар хятадынхаас арай өөр гэсэн санаа. Ингэхээр Тэрбишийн зурхай гэж байхгүй, Ишбалжирын зохиосон Төгсбуянтын тоолол л гэж бий. Шинжлэх ухааны академиас ХХI зууны турш энэ тоолол Григорийн тоололтой яаж таарч байгааг үзүүлсэн хүснэгтэн ном гаргасан юм. Үүнийг жил бүр шинээр тогтоох хэрэг байхгүй, хүсвэл ХХХ зуун дуустал, бүр цаашлуулаад ч хүснэгтлээд гаргасан ч болно. Залхуурахгүй бол та гэртээ сууж байгаад 4008 он хүртлэх календарь бүтээж болно, ингэлээ гээд таныг хэн ч профессор доктор гэхгүй. Үүнтэй яг л ижил юм хийсэн буюу хийх гэж санаархагчид өөрсдийгөө цоллодог нь харин сонин. Григорийн тоололд дөрвөн жил тутамд нэг хоног нэмдэг засварын программтай. Лалын, хятадын, монголын, маяагийн, инкын календариудын алгоритм нь өөр учир засварын программууд нь бас зөрөөтэй.

1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зараллаа. Төгсбуянтын зурхайг албан ёсоор хэрэглэж байх Богд хааны лүндэн буув. Харин 1915 оны Хиагтын Гурван улсын хэлэлцээнд энэ тоолол бөөн маргаан үүсгэжээ. Хятадууд Монголын нийслэл, Монголын хаан, монгол тоолол гэсэн гурван зүйл дээр тас эсэргүүцэж Хятадынхыг дагахыг шаардаж байв. Эцэст нь хааныг орос хэлээр “повелитель” гэж байхаар тогтов. Тэд мөн Төгсбуянтын тооллыг тас эсэргүүцэж өөрсдийн шар зурхайг дагахыг шаардав. Энэ удаа монголчууд ялж монгол тооллоо Гадаад Монголд албан ёсны байлгахаар болов. Гэвч гэрээний эх барих хувилбар болох франц хувь дээр монгол тооллыг зориуд орхигдуулсан байсан юм. 1921 оны 7-р сард Ардын засгаас Төгсбуянтыг тооллыг баримтлах тогтоол гаргалаа. 1924 онд Бүгд найрамдах улс болоод оныг “олноо өргөгдсөний” гэж байсныг “Монгол улсын төд дүгээр он” гэж нэрлэж байхаар болов. Монгол улсын тоолол болон Төгсбуянтын хуанли нь Григорийн тоололд орсон 1940 он хүртэл албан ёсоор мөрдөгддөг байжээ. 1944 онд Гандан хийдийг дахин сэргээхэд тооллыг Төгсбуянтынхаар явуулж байх шийдвэр гарсан байдаг. Ингэхээр Төгсбуянтын хуанли нь зөв буруутайдаа биш, тусгаар тогтнолын утгатай ажгуу. Аль ч тоолол шинжлэх ухааны утгаараа буруу байдаггүй учраас Төгсбуянтын хуанлид гажууд юм юу ч байхгүй. Сарны тооллоор явдаг хятадынх, лалынх, инк нарынхаас зөрдөг үү гэвэл зөрнө. Яг л төө, фүт, дициметр хоорондоо зөрдөг шиг. Тэгээд яачихаав, биенд нь шилжүүлээд л ойлгочихоно шүү дээ! Гол нь энэ бол монголынх. Эцэг өвгөд маань зориуд хятадынхаас зөрүүлсэн юм. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид маань энэ зөрүүг нь баримталж олон улсын гэрээ хэлэлцээрт зүтгэж байж оруулсан юм. Соёмбо шиг л тусгаар тогтнолын маань бэлэг тэмдэг. Хэдийгээр бид албан ёсоор Григорийн тоолол баримтладаг ч цагаан сар болон зарим өдрийг тэмдэглэхийн тулд хуучин тоолол хэрэг болдог. Чухам ямар тоолол баримтлахыг төрөөс 1911, 1921, 1924, 1944 онуудад хоёргүй нэг утгаар зааж өгчээ.

Өдөр гаригт сайн муу гэж байдаггүй. Ингэж ярьдаг нь хятадууд дөрөвийн тооноос, монголчууд долоогоос, европынхон арвангураваас цэрэвдэг шиг мухар сүсгийн угшилтай цэвэр бэлэгдлийн утгатай. Тэр дундаа үсээ засуулдаг, найр хийдэг, мал гаргахад муу гэх мэтийн утга санаа өдрүүдэд огт байхгүй. Үүнийг зөвхөн зурхайчид л зохиодог юм. Зурхайч, янхан хоёр бол дэлхийн хамгийн уугуул мэргэжил. Од сар харж байгаад юм зохиож хэлэн хүний сэтгэл үймүүлэн хэдэн мөнгийг нь салгадаг этгээдүүд аль дивангарын үед байжээ. Тэднийг Европ зүгт астрологичид гэнэ. Тэдний дунд зах зээлийн хүчтэй өрсөлдөөн байсан учир од гаригийн хөдөлгөөнийг их сонирхдог судалдаг тэмдэглэдэг байлаа. Энэхүү уран панаал нь хожим астрономын шинжлэх ухаан үүсэхэд ихээхэн тус болсныг хэлэх нь зүйтэй. Химийн шинжлэх ухаан буй болоход альхимичид хэмээх жатга үзүүлж хүн хуурагчид их тус болсонтой адил юм. Химийн ухаан буй болсноор альхимичдийг тоохоо больсны нэгэн адил астрономын ухаан хөгжсөнөөр астрологичид зүй ёсоор тэтгэвэрт гарсан юм. Зурхай ч, альхими ч шинжлэх ухаан огтоос биш.

Гэвч, хэдийгээр XXI зуун гарсан боловч буурай хоцрогдсон газар зурхайчид амь бөхтэй оршсоор төдийгүй орлого олз арвинтай байсаар. Энэ бол нийгмийн хоцрогдол дээр суурилан паразитлаж амьдардаг ядарсан бизнес юм. Зурхай нь тоолол зохиох болон баримтлахаас шал өөр утгатай. Энэ нь тэнгэр гариг эрхэсээс болж хүний хувь заяа хэрхэн өөрчлөгдөхийг мэргэлж өгдөг, түүгээрээ каландарь, хүснэг зохиогоод зардаг золигийн заль мэх л дээ. Өнгөрснийг мэддэг хүн тааралддаг гэдэг. Үүнийг шинжлэх ухаан тайлбарлаж чаддаггүй. Өнгөрсөн юм ямар нэг долгион ч юм уу, үлдээдгийг хэдэн сая тохиолдолд зарим нэг увьдастай хүн мэдэрч чаддаг байж магадгүй гэж ярьдаг. Тун ховор тохиолдох ийм увьдас Монголоор дүүрэн байна гэдэг бол харин итгэхийн аргагүй хэрэг. Тэгээд ч туйлдаа хүртэл хөгжсөн шинжлэх ухааны бяд дутаж байхад хагас бичигтэй улаан шараар эрээлж гоёсон луйварчин юугаа мэдэх билээ дээ. Ирээдүйг бол урьдчилж мэдэх ямар ч боломжгүй. Шинжлэх ухааны прогнозлох арга зүйг энд хэлээгүй нь мэдээж. Од гаригийн орчил хөдөлгөөн хүний хувь заяанд нөлөөлдөг байж болох ч үүнийг урьдчилан тооцоолох боломж үгүй аж. Үүнийг “Хайзэнбэргийн тодорхойгүйн зарчим” гэнэ. ХХ зууны гурван том нээлтийн нэг гэгддэг. Хайзэнбэрг үүнийг электроны байршил дээр баталсан боловч түгээмэл шинжтэй юм.

Төгсбуянтийн тооллоор өнөөдөр төдний өдөр, энэ нь шар зурхайн төдний өдөртэй таарна, лалын тооллоор ийм өдөр болно энэ бүхэн нь Григорийн буюу нийтийн тооллоор ийм өдөр болой гэх бол нэг хэрэг. Энэ бол хятадаар хуанли, европоор календарь хэмээх цаг тооны бичиглэл. Энэ өдөр бол хар өдөр, үсээ засуулж болно, айл ухвал баригдахгүй, эхнэрээ зодох нь зүйтэй, учир нь нар сарны хөдөлгөөн таарч сугар гаригтай явалдаж улаан нохой одтой таарч байна гэх мэт бол зурхай. Үүнд нь итгэдэг ард түмнийг өнөөгийн хэлээр хоцрогдсон бүдүүлэг гэдэг аж. Ийм мэрэг төлөг хөгжингүй орнууд ч элбэг. Гэхдээ үүнд нь ард түмнээрээ итгэж баримтладаггүй, илүүтэй зугааны шинжтэй байдаг. Зурхайчид юу ч гэж тууж магадгүй, дээр нь их олуулаа учир хоорондоо их зөрөөтэй. Зах зээлээ булаацалдаж маргаж хэрэлдэх нь сүүлийн хориод жилд Монголд бүр гаарсан үзэгдэл боллоо. Сүүлдээ хүн амьтныг үхнэ хатна гэж сүрдүүлдэг болоо шив дээ. Ухаан нь 2008 оны ердийн каледарь дээр өдөр хоногуудыг бөөсөө алдаггүй өдөр, аянд явдаг өдөр, хурьцал тэвчих өдөр гээд биччихсэн байвал хэн ч гайхаж таарна. Яахаараа монгол тооллын календарь дээр зурхайчид ийм мангар юм биччихээр гайхах байтугай шүтээд байдаг байнаа? Хонины арьс нөмөрсөн чоно гэгчээр ичих ч үгүй шинжлэх ухааны нэр, цаашлаад Чингис хааны нэрийг барихыг нь яана! Аргын тооллоор календарь гаргадаг компаниуд өнгө үзэмж зураг хөргөөрөө өрсөлддөг. Билгийн тооллын хуанли үйлдвэрлэгчид хоорондын тоогоо зөрүүлэхээс гадна хүний өдөр судрыг мэргэлж өдөр хоногийг сайн муугаар нь ялгаж, хүний сэтгэл рүү юм хийж өрсөлдөнө. Эцсийн бөлөгт цаг тооллын аль системийг баримтлах тухай асуудал байгаа юм биш, зах зээлд борлогдох үйлтэй 200 орчим сая төгрөгийн мэрэг төлгийн эзэн хэн болох тухайд л зодоон цохио болоод буй хэрэг шүү дээ. Ингэж билгийн цагаан сарыг хэрүүлийн хар нулимс болгож хувиргана.

Зурхай юутай ч буддын шашинтай ямар ч хамаагүй эд. Будда өөрөө сургахдаа “хүний хувь төөргийг сарны тохиол, од мичидийн хөдөлгөөнөөр мэргэлж тааварлахыг эгнэгт цээрэлбэл зохилтой” гэжээ. 2500 жилийн өмнө Энэтхэгт одоогийнхоос цөөнгүй зурхайч - луйварчид байсан бололтой. Чанарын биш гэхэд тоон утгаараа дэлхийн хамгийн боловсролтой орон гэх монголчууд бичиг үсэгтэй нь эргэлзээтэй, ядахнаа хүзүүгээ угаагаад хумсаа авчихдаггүй мөртөө бурхан буг эйнштэйн вангагийн нэр барьсан өвчтэй солиотой, зальтай хомхой сувьдаг тэнэг юмнуудыг дэмжин мөнгө төгрөгөөр тэтгэж явааг юу ч гэж тайлбарлах юм билээ дээ? “Өдөр цаг бүхэн өлзий буян, од гариг бүхэн онцгой сайн, муу сэтгэлээ ялагч бүхэн зовлонгүй, мунхагийн нойроос сэрэгч бүхэн чадал төгөлдөр” гэж Будда сургасан нь “Найман гэгээ” сударт бий. Энэ судрыг сургаар ишлэн худал цуурах зурхайч нарт тийм л их мөнгө хэрэгтэй юм бол та нэг сайхан санал тавиач. Юу гэхээр календарь зарж хэдэн цаас цуглуулах гэж зовж яс булаацалдсан нохой шиг хоорондоо архиралцаж байхаар казинод очиж ямар тоо гарахыг нь шууд хэлээд л баяжаач. Эсвал Бэн Ладэний нуугдсан газрыг хэлж өгвөл 50 сая доллар өгнө гэж америкчууд амлаад байна шүү дээ, цаана чинь. Дэлгэрэнгүй..

НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХОЛЖ БАЙНА

эхийг эндээс авав.
Б.Баасанг бодохоор баас ч хатах ч шиг..
Залхууралгүй заавал уншаарай.


МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ШИНЭ УДИРДЛАГЫН ШИНЭ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

Хамгийн шударга ажиллах учиртай УМХГ шударга бус хүмүүс, үйл явдлаар дүүрчээ. Шинэхэн дарга Ц.Шийрэвдамбыг дагаж гарсан энэ бараан үйл явдлын зах зухаас өгүүлье. УМХГ-ын дэд дарга, газрын даргаар ажилласан ч, ажилдаа тэнцэлгүй хоёр ч удаа халагдаж байсан Б.Баасан гэгч Ц.Шийрэвдамба даргыг дагаж ирснээр энэ бүхэн эхэлжээ. Шинэ удирдлагууд төрийн ажилд хувийн ашиг сонирхол, жалга дов, найз нөхдийн журмаар хэтэрхий увайгүй хандахыг ёстой нэг үзүүлж байна, тэнд. УМХГ, НМХГ-ын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хэнийг ч оролцуулахгүйгээр дур мэдэн хийж гүйцэтгэсэн нь тус газрын хамт олны дунд ихээхэн бухимдал төрүүлэв. Уг нь төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3-д “албан хаагчийг зөвхөн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний зарчмаар томилно, ажлын үр дүнг бодитойгоор үнэлнэ”, “Төрийн алба нь мэргэшсэн тогтвортой байна” гэсэн заалт бий. Энэ нь бүхнийг мэдэгч, “төр бол би” гэсэн үзэлтэй Б.Баасанд огтоос хамаагүй бололтой. Нэр нь сэвтээгүй, шударга, ёс суртахууны доголдолгүй, өндөр мэргэжил боловсролтой, арвин их дадлага туршлагатай байх шалгуурыг баримтлан УМХГ-т салбарын хяналтын асуудал хариуцуулахаар улсын 80 байцаагч үлдээсэн гэдгээ УМХГ-ын шинэхэн дарга Ц.Шийрэвдамба сүржигнүүлэн мэдэгдсэн. Ачир дээрээ эдгээр хүний бараг тал хувь нь авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт орооцолдож, албан тушаалаа ашиглан, байцаагчийн ёс зүйн алдаа гаргаж байсан гай хөөтэй нөхөд байв аа, хөөрхий. Ажлын хариуцлага алдаж, ажлаас чөлөөлөгдсөн, зарим нь бүр дунд сургуулийн боловсролтой хүмүүсийг нөгөө итгэл хүлээлгэсэн Б.Баасан түшмэл нь авч үлдсэнийг, тэр мэдээгүй дүр үзүүлэн сууж байх юм. Эсвэл мэдэн будилаад байна уу. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгч үзэгдлийг Ц.Шийрэвдамба, Б.Баасан нар УМХГ-т архагшуулах нь. Хонгор сумын асуудлаас болж УМХГ-ын даргын үүрэгт ажлаа Д.Батбаатар өгсөн. Үүний адилаар шат шатанд нь хариуцлага тооцно гэж байсан авч дээрхи асуудлыг шууд хариуцдаг Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын албаны дарга Б.Саран, Эрүүл мэндийн хяналтын улсын албаны дарга Д.Оюунчимэг нар харин ч гавьяа байгуулсан аятай шагнуулж, албаны даргаа үргэлжлүүлэн хийх болжээ. Мөн “хонгор үзэгдэл”-д хяналтын чиглэлээр шууд холбогдох учиртай Ерөнхийлөгчийн зөвлөх З.Түмэнжаргалын дүү З.Отгон болон Г.Итгэл нар ажлаа үргэлжлүүлж, бүр УМХГ-ын төв аппаратад ажиллахаар дэвшдэг байна. Яагаад гэвэл тэд нөгөө Б.Баасангийн талын хүмүүс ажээ. Д.Оюунчимэг нь мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд орж ажилласан таван жилд ажил хийдүүлсээр, байнгын “өвчтэй шахуу” зургаа дахь жилдээ албаны дарга хийж буй нэгэн. Өмнө нь ажлын алдаа гаргасан үндэслэлээр хоёул ажлаас халагдаж байсан Ерөнхий сайдын нутгийн угшилтай Г.Нанзад албаны даргаар, түүний хүү О.Амгаланбаатар албаны орлогч даргаар томилогдож байх жишээтэй. Системдээ 1700 гаруй хүнтэй мэргэжлийн хяналтын газарт энэ хоёроос илүү боловсрол мэдлэгтэй, төрийн албыг шударгаар хашаад явах хүн байхгүй юм байна л даа. Ер нь Б.Баасангийн нөлөөгөөр энд ээж, хүүгээс гадна, эгч дүү, хүргэнтэйгээ, ах дүү нар гэх мэтийн хамаатан садангууд цугларах болов. Цус нэлээн ойртож байгаа бололтой. Саяхнаас Сахилгын шийтгэлтэй дотоод хяналт, мониторингийн мэргэжилтэн Д.Цэрэнлхам нь хуучин хэлтэстээ нэр цэвэр гэж ганцаар үлдсэн бол албан тушаалаа ашиглан аж ахуйн нэгжийг дарамтлан мөнгө босгодог үйлдлээрээ ажлаас халагдаж байсан Дэд бүтцийн хяналтын улсын албаны нефтийн барилга байгууламж хариуцсан байцаагч Н.Уранчимэг нь Б.Баасангийн хүн болох тул мөн л ахлах байцаагч болж үлдсэн байх юм. Мэргэжлийн хяналтын байгууллага бий болсон цагаас ажилласан, дадлага туршлагатай, төрийн залгамж чанарыг аваад явж чадах нарийн мэргэшсэн улсын байцаагчдыг дүүрэг рүү цөлж, танил талаа харан Б.Баасангийн гарын дор дураар авирлахад нь хүлцэнгүй байх боловсон хүчний сонголт хийсэн нь харамсалтай. Тухайлбал, байгаль орчны хяналтын салбарт олон жил ажилласан, мэргэшсэн хүмүүсийг дүүрэгт хуваарилаад Далай аварга Г.Өсөхбаярын хүргэн ах Г.Чинзориг гэгч улстөржсөн нөхрийг авч үлджээ. НМХГ-ын хэлтсийн дарга Д.Ургамал нь Булган аймгийн МХГ-аас хусагдсан нэгэн. Даргыгаа шүүхдэж ажлаас нь халуулсны шагналд Б.Баасангийн ивээлд багтаж УМХГ-т дэвшин ажиллаж байв. Богино хугацаанд төрийн алба хашиж байхдаа хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөлгүй энэ тэр болж байсныг нь олон хүн мэдэх. Дараа нь НМХГ-т хэлтсийн дарга байсан бол сая УМХГ-т албаны дарга болж суга томров. Багануур дүүрэгт гарсан метилийн спирттэй архины асуудалд байнгын хяналт тавих үүрэгтэй хэлтсийнх нь дарга байсан нөхөр шүү дээ. Ажлаа сайн хийсэн гэж шагнуулж байгаа нь энэ юм болов уу. Иймэрхүү шударга бус томилгоонуудыг ажихул үнэхээр хөх инээд хүрэм. НМХГ-ын даргаар Шадар сайдтай нэг ангийн гэх тодотголтой Л.Бямбасүрэнг томиллоо. Багануурт гарсан архины хордлоготой холбоотойгоор шат дараалан арга хэмжээ тооцно гэж тунхагласан боловч тухайлан яг энэ салбарыг гардан хариуцаж байсан хэргийн эзэн НМХГ-ын дэд дарга Л.Бямбасүрэнг дэвшүүлэн дарга болгож бантан хутгав. Ноос, ноолуурын ченж байгаад саяхан улсын байцаагч болсон О.Нарантуяаг хэлтсийн дарга болгосонд хүн бүр хүлээн зөвшөөрч чадахгүй шоконд орсон байх юм. Түүнийг хаанаас шидсэн чулуу юм бол доо гэж хүмүүс хачирхаж сууна. МАХН-ын хойч үе гэж гэнэнээр өөртөө итгэдэг Ж.Энхбаяр гэдэг залуу тамгын газрын дарга нь болсон байна лээ. Түүнийг Ц.Шийрэвдамба, Б.Баасан нарын бараан үйлийг баталгаажуулж буй гар хөлийнх нь зарц юм байна гэдгийг хүмүүс нэгэнт гадарласан. Шилэгдэж үлдсэн гэх зарим салбарын байцаагч нь сахилгын шийтгэлтэй, хэзээ хаана сургууль төгссөн нь тодорхойгүй, өмнө нь халагдаад эргэж ирсэн эрээвэр хураавар эрхмүүд байх. Сурвалжилж үзвэл үйлчлэгч, бага ангийн багш зэрэг ажлыг л хийж байсан хүмүүс нарийн мэргэжлийн хяналтын салбарын ажлыг удирдах болж. Эрийн сайнаар үлдсэн юм шиг маадгар алхаж яваа гэнэ лээ. Харин Б.Баасан тэргүүн өөртэй нь хэл ам хийсэн хүмүүсийг буцаан үлдээж, гаргасан тушаалаа зассан юм билээ. Мөн УМХГ-ын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албан өрөөндөө архи ууж, мөрийтэй тоглож байгаад дотоод хяналтаар баригдан сахилгын арга хэмжээ авахуулаад нэг сар ч болоогүй байсан Л.Нямдэлэгийг жалгын үзэл гарган СБД-ийн МХГ-ын даргаар тавиатхав. Өөрийн талын хүн болох Ш.Оюунчимэгийг Сонгино хайрхан дүүргийн МХГ-ын даргаар томилсон байна. Төрийн албаны тангараг өргөөгүй хүмүүсийг халж байгаа гэсэн боловч ар өврийн хаалгагүй 5-6 хүнийг халж, үлдэх 14-15 хүнд халдаж чадаагүй сурагтай. Хэл ам гаргана гэж айсан уу, Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Батзандангийн ахад лав халдаж зүрхлээгүй юм билээ. Тэр нөхөр нь төрийн албаны тангараг өргөөгүй юм гэсэн.

Нөгөөтэйгүүр Нийслэлийн мал, газар тариалан, ашигт малтмалын орд газаргүй дүүргүүдэд хуваарилсан байгаль орчин, геологи, уул уурхай, мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн салбарын байцаагчдын ажлын байрыг нь бэлтгэж өгөөсэй билээ. Тэд юу хянах юм бол. Сайд, дарга, эрх мэдэлтнүүдийн ах дүү, эсвэл Б.Баасангийн нэг нутгийн, найз нөхөд, нэг бол жалга довны гэгдэх боловсрол нимгэн, өрөвдмөөр хүмүүсээр УМХГ дүүрлээ. Ерөөс үе үеийн сайд, дарга нар улстөржиж, эрх мэдлээ ашиглан орон тоо нэмсээр данхар толгойтой болгосны хариуцлагыг шударга төрийн албан хаагчид үүрч болохгүй байх аа. Ийм хүмүүсээр бүрдсэн багийг авч үлдсэн, бүх эрх мэдлийг Б.Баасанд даатгасан Ц.Шийрэвдамба болон өндөр эрх мэдэлтэй Ба ноёны хийсэн шударга бус томилгоонуудыг Засгийн газрын тэргүүн анзаарч байдаг болов уу.

Б.Баасанд таалагдаагүй хүмүүсийг өөрчлөхийн тулд зарим салбарын хяналт УМХГ-т байхгүй болж байна шүү дээ. Түүний хонзон авч буй аятай төрийн албыг шударгаар хашиж байгаа хүмүүсийг албан тушаалаас нь өөрчлөх, халах, халагдаад явсан хариуцлагагүй нөхдийг буцааж бөөнөөр нь албан тушаалд томилох зэрэг зохисгүй байдал гаргаж буйд цэг хатгах цаг болжээ. Дэд даргаар ирсэн Б.Баасан УМХГ-ыг өөрийн хувийн компани аятай үйл ажиллагаа явуулж буйг нь таслан зогсоовол яасан юм бэ. Ерөнхий сайд С.Баяр үүрэгдэв үү, Б.Баасан бялдуучлав уу, ямар ч атугай УМХГ-ыг Хөвсгөлийнхнөөр дүүргэлээ.Б.Баасанг УМХГ-т байсан цагт ажил үйлс нь хөл дээрээ зогсоно гэдэг шиг худал үлгэр ертөнцөд хаа ч үгүй, харин ч унана. Түүнийг ажиллаж байсан үеийг цухас сөхөхүл энэ нь тод харагдана.
Б.Цогнэмэх Дэлгэрэнгүй..