Monday, July 21, 2008

Төлөвлөгөөнийхөө дагуу гэнээ

Ашгүй ашгүй.
20-нд Японы сумо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал болж, 8 сарын сүүлээр болох Монгол башог цуцлах яриа гаргаад байсныгаа больж, төлөвлөгөөнийхөө дагуу явуулна, харин ямар нэг аюултай байж болзошгүй зүйл байвал тухайн үед нь шууд цуцлах бэлтгэлтэйгээр хувилбаруудыг бодолцож ажиллана гэлээ.
УБ хотын захирагчаас Японы сумогийн холбоо руу "энд аюулгүй байна" гэсэн утгатай албан бичиг хүртэл явуулсан юм байна. Дагваа ч гэсэн "Монголчууддаа сумо үзүүлэх нь бидний мөрөөдөл. Ашгүй ашгүй" гэжээ.

Заа, одоо билэтнийхээ мөнгийг олж эхлэхгүй бол 60000-200000 гэсэн шд. Дэлгэрэнгүй..

Friday, July 18, 2008

Үймээний гайгаар сумо ч гэсэн..

7 сарын 1-ний үйл явдлаас болоод Монголд ирэх байсан жуулчид, Монголын клмпанитай хийх гэж байсан гадаадын компаний гэрээнүүд гээл CANCEL-дагдсан зүйл олон. Дараагийнх нь миний болон та бидний маш их хүсэн хүлээж байсан МОНГОЛ БАШО бас cancel-дагдах нь байна.

Японд байхдаа ядаж ганц удаа сумо очоод үзчдэг байж гэсэн харууслыг минь дэвтээгээд зогсохгүй, хүчин чармайлт гаргавал японы болон монголынхоо сумочидтой хамт зургаа даруулах ч боломжтой байсан энэ монгол башо-гийн билет 60000-200000 төгрөгөөр 3000-хан хүний суудалтай Аса циркийн билетийн кассаар 8 сарын 1-нээс зарагдах төлөвлөгөөтөй байсан. Би ч яаж ийж байгаад амьдралд ганц олдох боломж ч байж магад тул авна гээд тэр өдрийг тэсч ядан хүлээж байсан юмсан. Одоо ч худлаа биздээ.

Өчигдөр буюу 7 сарын 17-нд Японы Сумогийн Холбооны удирдлагууд 7 сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан бөхчүүдийн аюулгүй байдлыг хангах гэдэг шалтгаанаар зарим нь хойшлуулж ер нь Монголд явуулах уу үгүй юу гэдгийг дахин эхнээс нь судлах хэрэгтэй, зарим нь болих хэрэгтэй гэжээ. Энэ талаар албан ёсны хариуг 20-нд хурлаараа хэлэлцэн мэдээлэх юм байна.
Гэтэл гал дээр тос гэгчээр өчигдөр бас Кёкүшюзан Батбаяр сумогийн холбоонхонтой уулзаж, Монголын одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байна. Мэдээлэлдээ "нийслэлийн иргэдийн 30% нь маргаашийнхаа амьдралыг ч мэдэхгүй" гэжээ. Мөн энэ удаагийн УИХ-ын 76 гишүүний 66 нь иодорхой болсон. Үлдсэн 10 гишүүний хувьд Монгол башогийн өмнө буюу 8 сарын эхээс дунд хүртэлх хугацаанд дахин сонгууль явуулахаар болсон. Тэхээр хүндхэн амьдралтай хүмүүст энэ сонгуулийн үр дүн маш чухал, дахиад үймээн самуун гар болзошгүй гэжээ. Үүнд нь Дагвадорж уур хилэнгээ барьж чадалгүй "энэмуу п*****" японоор бол КОНО ЯРОО гэсэн байна.

За нэг иймэрхүүл юм болоод байна даа. Ямар ч байсан энэ жилдээ зохиогдохгүй байх гэж бодож байна.

Эх сурвалжыг майничи сонин, никкан спорт-аас авав. Дэлгэрэнгүй..

Monday, July 7, 2008

Асуулт Фото Аялал 2008

Шааал өөр юм биччхье.
Өчигдөр буюу 7 сарын 6-нд жил бүр asuult.net-ээс уламжлал болон зохиогдож байгаа Асуулт Фото Аялалд гэрэл зураг сонирхогч 70, 80 орчим залуусын хамт Монгол Цэргийн Музей, тэрэлж гэсэн газруудаар яваад ирлээ. Сая photoblog дээр блог нээлээ. Нээх олон зураг дараагүй ч дарсан хэдэн зургаараа анхны постоо бичиж байгаадаа баяртай байна. Гэрэл зураг их сонирхдог, гэхдээ анхан шатны сонирхогч л доо. Цашид улам гоё гоё зураг дарахыг хичээнээ.

Заавар, зөвлөгөө, шүүмжийг харамгүй хайрлана гэж найдаж байна. Дэлгэрэнгүй..

Thursday, July 3, 2008

Иргэний нийгмийн мэдэгдэл

Мэдээллийн тэнцвэрт байдал алдагдсан энэ цаг үед аль болох олон хүн уншаасай гэсэндээ бүрэн эхээр нь энд хуулж оруулав.

Иргэний нийгмийн мэдэгдэл

2008 оны 7-р сарын 1-ний өдөр болсон олон нийтийн жагсаал цуглааны дараа бий болсон нөхцөл байдал нь хүчирхийлэлд хүрч хэд хэдэн хүний амь нас эрсдэн, олон хүний эрүүл мэнд хохирч, соёлын үнэт зүйлс, байгууллага, иргэдийн өмч хөрөнгө устсан явдалд гүнээ харамсаж байгааг илэрхийлж байна. Энэ нь олон жил Монголын нийгэмд бугшсан шударга бус явдал, авилгын эсрэг нийгмийн тодорхой хэсгийн уур бухимдалын туйлширсан илрэл гэж үзэж байна.

Нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн эгзэгтэй үед улс төрийн намууд өөрийн явцуу эрх ашгийг урьтал болгож, хүний амь нас, хүний эрх, эрх чөлөөг огоорч, улс төрийн ашиг хонжоо хайж байгаад харамсаж байна.

Үүссэн нөхцөл байдалд төр, засаг бодитой дүгнэлт хийж, зохистой арга хэмжээг шуурхай авч чадсангүй. Цагдаа, иргэдийн дунд мөргөлдөөн болсон нь зөрчлийг тайван замаар зохицуулах, жолоодох сэтгэл, ур чадвар цагдаа, хүчний байгууллагын удирдлагад илт дутсантай холбоотой гэж үзэж байна.

Онц байдал зарласантай холбогдуулан хүний салшгүй эрхэд зарим хязгаарлалт хийгдэж байгааг зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй байна. ОНҮРТ-ээс бусад радио, телевиз болон мэдээллийн сайтуудыг хааж, төрийн цензур тогтоож, иргэдийн мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласаныг зайлшгүй шаардлага гэж үзэхгүй байна.

Ийм онцгой байдлын үед баривчлан саатуулагдсан хүмүүсийн ар гэрээс эрүү шүүлтээс ангид байх хүний салшгүй эрх зөрчигдөж байгаа тухай мэдээлэл ирж байгаа нь бидний сэтгэлийг түгшээж байна. Баривчлагдан саатуулагдсан 700 гаруй гэх иргэний хүний эрхийн зөрчилд хяналт тавих боломжийг иргэний нийгмийн байгууллагуудад олгож тэдгээр иргэдийн өмгөөлүүлэх эрхээ эдлэх нөхцлөөр хангахыг шаардаж байна.

Зугатаж байгаа иргэний араас хөөж амь насыг нь хөнөөсөн жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг яаралтай тогтоохыг мөн шаардаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Онц байдал зарлах тухай зарлигийг үйл явдалд газар дээр оролцож байсан болон ажиглаж байсан хүмүүст төрийн зүгээс зохих ёсоор хүргээгүй байж хүч хэрэглэснийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж байна.

Хүний эрхийг дээдлэн асуудлыг шийдвэрлэх тайван арга зам Монголын нийгэмд байгаа гэдэгт итгэх итгэл суларсныг болсон явдал тод харууллаа. Иймээс ардчиллын үндсэн институциудыг бэхжүүлэх, чөлөөт шударга сонгуульд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө төр засаг, улстөрийн бүх хүчин, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эрчимтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Нээлттэй нийгэм форум
Хүний эрх, хөгжил төв
Глоб интернэшнл
Филантропи хөгжлийн төлөө төв
Хүний эрх хууль төв
Монголын эмэгтэйчүүдийн сан
Ардчиллын төлөө олон улсын иргэний нийгмийн чуулганы Азийн төлөөлөгч
Хүний эрх, ардчиллын судалгааны төв
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
Иргэдийн альяанс төв

2008 оны 7-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хот Дэлгэрэнгүй..

Мэдээллийн тэнцвэрт байдлын төлөө

Ийм байдлаар 4 хоног ганц талын мэдээллээр бөмбөгдөхөд юу үлдэх вэ?
Ху-гийн эсрэг байсан хүсүүс ч "Энхрий хайрт нам засаг минь" гээд гүйгээд очиж мэдэх нь байна. Худлаа зүйлийг 1000 ярихад үнэн болдог шүү дээ.
Вэбсайтуудын сэтгэгдэл бичих хэсгийг хүртэл хаачихлаа. Сэтгэгдэл бичиж болж байгаа ганцхан сайт нь NEWS.MN байна. Яг энэ асуудлаар ч гэсэн бичсэн байна. ЭНД

Баривчлагдаад эрүүдэн шүүгдэж байгаа хүмүүсийн эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байна. Энэ тухай "Онц байдлын тухай" хуулинд ч тусгасан байна. Даанч харамсалтай нь
Онц байдлын үед хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхдээ хууль зөрчсөн, бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан иргэний эрх, эрх чөлөөний баталгааг зөрчсөн цагдаагийн ба цэргийн алба хаагч, төрийн албан хаагч нь хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
гэж л байна. Яг ямар хариуцлага хүлээлгэхийг нь эрхэм гишүүд маань хууль батлахдаа тусгаж өгөөгүй бололтой. Магадгүй мунхаг би ойлгоогүй ч байж болно л доо.

Энэ бүхний дараа мэдээллийн тэнцвэрт байдал алдагдсан гэдгийг бүрэн ойлгоод, ухамсарлаад, ялгаж салгаж чадах хүн нь хэд билээ?
Юу ч гэсэн нүдэн балай, чихэн дүлий хэд хоног гүрийхээс. Дэлгэрэнгүй..

Wednesday, July 2, 2008

СОНГО + УЙЛ = СОНГУУЛЬ

За, тэхээр нэлээн удаан юм бичсэнгүй, завсарлалаа. Өчигдрийн үймээн, самуун намайг өөрийн эрхгүй хатгаад байна, хэдэн бодлоо сарааччихья.
Бүх л мэдээллийн хэрэгслээр юу болж өнгөрснийг харсан, сонссон, уншсан байх. Олон юм нуршаад яахав. Товчхон дүгнэмээр байна.

1. Эрдэнэт хүний амь нас, соёлын үнэт өв хөрөнгүүд, хотын үзэмж болсон барилгууд, гэмгүй хүсүүсийн машин тэрэг шатаж, устгагдсан нь туйлын харамсалтай.

2. Энэ балмад үйлдлүүдийг хийсэн ухамсар дорой залуучууд сэтгэлийн хөөрлөөр кайф аван барин үйлдсэн нь харамсалтай.

3. Эвийн замаар асуудлыг шийдэх оролдлого хийлгүй, жагсагчдын өөдөөс гал нээсэн нь хамгаас буруу алхам болсон, тэгснээр тэнд байсан хүмүүсийн цусыг улам хөөргөсөн.

4. Талбай дээр шударга бус сонгуулийг эсэргүүцэж цуглаан хийсэн Элбэгээ болон МАХН-н гадаа хүмүүсийг цуглуулсан Магнай, Батзандан, Жагаа зэрэг нөхдийг хооронд нь ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх. Болсон үйл явдлыг нүдээрээ хараагүй байж нэг талын мэдээлэлд дулдуйдалгүйгээр үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байх.

5. Онц байдал зарлах тухай зарлигаар МҮОНРТ-ээс бусад радио, ТВ-н үйл ажиллагааг зогсоодог нь ард иргэдийн тархийг угаах, бодит тэнцвэртэй мэдээллийг алдагдуулах зорилго агуулсан гэж шууд үзэж байна.

6. Сонгуулийн Ерөнхий Хороо нэн даруй сонгуулийн дүнг зарлаж, Ерөнхийлөгч дахин сонгууль явуулах шийдвэр аль болох хурдан гаргах хэрэгтэй. Удах тусам жирийн иргэдийн дунд хүртэл хагарал, зөрчлүүд улам даймжрах болно.

Ерөнхийдөө бол ингэж л харж сууна (хувийн таамаг, сэжиг, хардлага, сэтгэгдлүүдээ аль болох бичихийг хүссэнгүй). Сая өдрийн хоолоо идчээд хоолоо шингээнгээ үймээн болсон газрыг нэг тойрч алхаад ирлээ.
АК барьсан цэргүүд энд тэндгүй байхыг харах эвгүй л байлаа.





Дэлгэрэнгүй..