Thursday, February 7, 2008

НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХОЛЖ БАЙНА

эхийг эндээс авав.
Б.Баасанг бодохоор баас ч хатах ч шиг..
Залхууралгүй заавал уншаарай.


МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ШИНЭ УДИРДЛАГЫН ШИНЭ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

Хамгийн шударга ажиллах учиртай УМХГ шударга бус хүмүүс, үйл явдлаар дүүрчээ. Шинэхэн дарга Ц.Шийрэвдамбыг дагаж гарсан энэ бараан үйл явдлын зах зухаас өгүүлье. УМХГ-ын дэд дарга, газрын даргаар ажилласан ч, ажилдаа тэнцэлгүй хоёр ч удаа халагдаж байсан Б.Баасан гэгч Ц.Шийрэвдамба даргыг дагаж ирснээр энэ бүхэн эхэлжээ. Шинэ удирдлагууд төрийн ажилд хувийн ашиг сонирхол, жалга дов, найз нөхдийн журмаар хэтэрхий увайгүй хандахыг ёстой нэг үзүүлж байна, тэнд. УМХГ, НМХГ-ын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хэнийг ч оролцуулахгүйгээр дур мэдэн хийж гүйцэтгэсэн нь тус газрын хамт олны дунд ихээхэн бухимдал төрүүлэв. Уг нь төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3-д “албан хаагчийг зөвхөн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний зарчмаар томилно, ажлын үр дүнг бодитойгоор үнэлнэ”, “Төрийн алба нь мэргэшсэн тогтвортой байна” гэсэн заалт бий. Энэ нь бүхнийг мэдэгч, “төр бол би” гэсэн үзэлтэй Б.Баасанд огтоос хамаагүй бололтой. Нэр нь сэвтээгүй, шударга, ёс суртахууны доголдолгүй, өндөр мэргэжил боловсролтой, арвин их дадлага туршлагатай байх шалгуурыг баримтлан УМХГ-т салбарын хяналтын асуудал хариуцуулахаар улсын 80 байцаагч үлдээсэн гэдгээ УМХГ-ын шинэхэн дарга Ц.Шийрэвдамба сүржигнүүлэн мэдэгдсэн. Ачир дээрээ эдгээр хүний бараг тал хувь нь авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт орооцолдож, албан тушаалаа ашиглан, байцаагчийн ёс зүйн алдаа гаргаж байсан гай хөөтэй нөхөд байв аа, хөөрхий. Ажлын хариуцлага алдаж, ажлаас чөлөөлөгдсөн, зарим нь бүр дунд сургуулийн боловсролтой хүмүүсийг нөгөө итгэл хүлээлгэсэн Б.Баасан түшмэл нь авч үлдсэнийг, тэр мэдээгүй дүр үзүүлэн сууж байх юм. Эсвэл мэдэн будилаад байна уу. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгч үзэгдлийг Ц.Шийрэвдамба, Б.Баасан нар УМХГ-т архагшуулах нь. Хонгор сумын асуудлаас болж УМХГ-ын даргын үүрэгт ажлаа Д.Батбаатар өгсөн. Үүний адилаар шат шатанд нь хариуцлага тооцно гэж байсан авч дээрхи асуудлыг шууд хариуцдаг Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын албаны дарга Б.Саран, Эрүүл мэндийн хяналтын улсын албаны дарга Д.Оюунчимэг нар харин ч гавьяа байгуулсан аятай шагнуулж, албаны даргаа үргэлжлүүлэн хийх болжээ. Мөн “хонгор үзэгдэл”-д хяналтын чиглэлээр шууд холбогдох учиртай Ерөнхийлөгчийн зөвлөх З.Түмэнжаргалын дүү З.Отгон болон Г.Итгэл нар ажлаа үргэлжлүүлж, бүр УМХГ-ын төв аппаратад ажиллахаар дэвшдэг байна. Яагаад гэвэл тэд нөгөө Б.Баасангийн талын хүмүүс ажээ. Д.Оюунчимэг нь мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд орж ажилласан таван жилд ажил хийдүүлсээр, байнгын “өвчтэй шахуу” зургаа дахь жилдээ албаны дарга хийж буй нэгэн. Өмнө нь ажлын алдаа гаргасан үндэслэлээр хоёул ажлаас халагдаж байсан Ерөнхий сайдын нутгийн угшилтай Г.Нанзад албаны даргаар, түүний хүү О.Амгаланбаатар албаны орлогч даргаар томилогдож байх жишээтэй. Системдээ 1700 гаруй хүнтэй мэргэжлийн хяналтын газарт энэ хоёроос илүү боловсрол мэдлэгтэй, төрийн албыг шударгаар хашаад явах хүн байхгүй юм байна л даа. Ер нь Б.Баасангийн нөлөөгөөр энд ээж, хүүгээс гадна, эгч дүү, хүргэнтэйгээ, ах дүү нар гэх мэтийн хамаатан садангууд цугларах болов. Цус нэлээн ойртож байгаа бололтой. Саяхнаас Сахилгын шийтгэлтэй дотоод хяналт, мониторингийн мэргэжилтэн Д.Цэрэнлхам нь хуучин хэлтэстээ нэр цэвэр гэж ганцаар үлдсэн бол албан тушаалаа ашиглан аж ахуйн нэгжийг дарамтлан мөнгө босгодог үйлдлээрээ ажлаас халагдаж байсан Дэд бүтцийн хяналтын улсын албаны нефтийн барилга байгууламж хариуцсан байцаагч Н.Уранчимэг нь Б.Баасангийн хүн болох тул мөн л ахлах байцаагч болж үлдсэн байх юм. Мэргэжлийн хяналтын байгууллага бий болсон цагаас ажилласан, дадлага туршлагатай, төрийн залгамж чанарыг аваад явж чадах нарийн мэргэшсэн улсын байцаагчдыг дүүрэг рүү цөлж, танил талаа харан Б.Баасангийн гарын дор дураар авирлахад нь хүлцэнгүй байх боловсон хүчний сонголт хийсэн нь харамсалтай. Тухайлбал, байгаль орчны хяналтын салбарт олон жил ажилласан, мэргэшсэн хүмүүсийг дүүрэгт хуваарилаад Далай аварга Г.Өсөхбаярын хүргэн ах Г.Чинзориг гэгч улстөржсөн нөхрийг авч үлджээ. НМХГ-ын хэлтсийн дарга Д.Ургамал нь Булган аймгийн МХГ-аас хусагдсан нэгэн. Даргыгаа шүүхдэж ажлаас нь халуулсны шагналд Б.Баасангийн ивээлд багтаж УМХГ-т дэвшин ажиллаж байв. Богино хугацаанд төрийн алба хашиж байхдаа хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөлгүй энэ тэр болж байсныг нь олон хүн мэдэх. Дараа нь НМХГ-т хэлтсийн дарга байсан бол сая УМХГ-т албаны дарга болж суга томров. Багануур дүүрэгт гарсан метилийн спирттэй архины асуудалд байнгын хяналт тавих үүрэгтэй хэлтсийнх нь дарга байсан нөхөр шүү дээ. Ажлаа сайн хийсэн гэж шагнуулж байгаа нь энэ юм болов уу. Иймэрхүү шударга бус томилгоонуудыг ажихул үнэхээр хөх инээд хүрэм. НМХГ-ын даргаар Шадар сайдтай нэг ангийн гэх тодотголтой Л.Бямбасүрэнг томиллоо. Багануурт гарсан архины хордлоготой холбоотойгоор шат дараалан арга хэмжээ тооцно гэж тунхагласан боловч тухайлан яг энэ салбарыг гардан хариуцаж байсан хэргийн эзэн НМХГ-ын дэд дарга Л.Бямбасүрэнг дэвшүүлэн дарга болгож бантан хутгав. Ноос, ноолуурын ченж байгаад саяхан улсын байцаагч болсон О.Нарантуяаг хэлтсийн дарга болгосонд хүн бүр хүлээн зөвшөөрч чадахгүй шоконд орсон байх юм. Түүнийг хаанаас шидсэн чулуу юм бол доо гэж хүмүүс хачирхаж сууна. МАХН-ын хойч үе гэж гэнэнээр өөртөө итгэдэг Ж.Энхбаяр гэдэг залуу тамгын газрын дарга нь болсон байна лээ. Түүнийг Ц.Шийрэвдамба, Б.Баасан нарын бараан үйлийг баталгаажуулж буй гар хөлийнх нь зарц юм байна гэдгийг хүмүүс нэгэнт гадарласан. Шилэгдэж үлдсэн гэх зарим салбарын байцаагч нь сахилгын шийтгэлтэй, хэзээ хаана сургууль төгссөн нь тодорхойгүй, өмнө нь халагдаад эргэж ирсэн эрээвэр хураавар эрхмүүд байх. Сурвалжилж үзвэл үйлчлэгч, бага ангийн багш зэрэг ажлыг л хийж байсан хүмүүс нарийн мэргэжлийн хяналтын салбарын ажлыг удирдах болж. Эрийн сайнаар үлдсэн юм шиг маадгар алхаж яваа гэнэ лээ. Харин Б.Баасан тэргүүн өөртэй нь хэл ам хийсэн хүмүүсийг буцаан үлдээж, гаргасан тушаалаа зассан юм билээ. Мөн УМХГ-ын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албан өрөөндөө архи ууж, мөрийтэй тоглож байгаад дотоод хяналтаар баригдан сахилгын арга хэмжээ авахуулаад нэг сар ч болоогүй байсан Л.Нямдэлэгийг жалгын үзэл гарган СБД-ийн МХГ-ын даргаар тавиатхав. Өөрийн талын хүн болох Ш.Оюунчимэгийг Сонгино хайрхан дүүргийн МХГ-ын даргаар томилсон байна. Төрийн албаны тангараг өргөөгүй хүмүүсийг халж байгаа гэсэн боловч ар өврийн хаалгагүй 5-6 хүнийг халж, үлдэх 14-15 хүнд халдаж чадаагүй сурагтай. Хэл ам гаргана гэж айсан уу, Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Батзандангийн ахад лав халдаж зүрхлээгүй юм билээ. Тэр нөхөр нь төрийн албаны тангараг өргөөгүй юм гэсэн.

Нөгөөтэйгүүр Нийслэлийн мал, газар тариалан, ашигт малтмалын орд газаргүй дүүргүүдэд хуваарилсан байгаль орчин, геологи, уул уурхай, мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн салбарын байцаагчдын ажлын байрыг нь бэлтгэж өгөөсэй билээ. Тэд юу хянах юм бол. Сайд, дарга, эрх мэдэлтнүүдийн ах дүү, эсвэл Б.Баасангийн нэг нутгийн, найз нөхөд, нэг бол жалга довны гэгдэх боловсрол нимгэн, өрөвдмөөр хүмүүсээр УМХГ дүүрлээ. Ерөөс үе үеийн сайд, дарга нар улстөржиж, эрх мэдлээ ашиглан орон тоо нэмсээр данхар толгойтой болгосны хариуцлагыг шударга төрийн албан хаагчид үүрч болохгүй байх аа. Ийм хүмүүсээр бүрдсэн багийг авч үлдсэн, бүх эрх мэдлийг Б.Баасанд даатгасан Ц.Шийрэвдамба болон өндөр эрх мэдэлтэй Ба ноёны хийсэн шударга бус томилгоонуудыг Засгийн газрын тэргүүн анзаарч байдаг болов уу.

Б.Баасанд таалагдаагүй хүмүүсийг өөрчлөхийн тулд зарим салбарын хяналт УМХГ-т байхгүй болж байна шүү дээ. Түүний хонзон авч буй аятай төрийн албыг шударгаар хашиж байгаа хүмүүсийг албан тушаалаас нь өөрчлөх, халах, халагдаад явсан хариуцлагагүй нөхдийг буцааж бөөнөөр нь албан тушаалд томилох зэрэг зохисгүй байдал гаргаж буйд цэг хатгах цаг болжээ. Дэд даргаар ирсэн Б.Баасан УМХГ-ыг өөрийн хувийн компани аятай үйл ажиллагаа явуулж буйг нь таслан зогсоовол яасан юм бэ. Ерөнхий сайд С.Баяр үүрэгдэв үү, Б.Баасан бялдуучлав уу, ямар ч атугай УМХГ-ыг Хөвсгөлийнхнөөр дүүргэлээ.Б.Баасанг УМХГ-т байсан цагт ажил үйлс нь хөл дээрээ зогсоно гэдэг шиг худал үлгэр ертөнцөд хаа ч үгүй, харин ч унана. Түүнийг ажиллаж байсан үеийг цухас сөхөхүл энэ нь тод харагдана.
Б.Цогнэмэх

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдлээ үлдээнэ үү