Wednesday, April 11, 2007

Урлагийн үзлэгээр уйлан байж уншсан шүлэг

3-р курст байхдаа, олигтой уран уншиж ч чадахгүйн байж шүлэг унших дуртайдаа ч тэр юмуу, би уншъя гээл урлагийн үзлэгээр шүлэг унших хүн нь би болчив. Энхрий хайрт ээж минь элбэрлээ хайрлаад эх орондоо сууж байхад яагаад энэ шүлгийг сонгосноо одоо санахгүй юм, бодвол тэр үедээ л их "моод"-нд орж байсан байх.
Факультетаасаа манай анги шалгараад Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд болдог фак хоорондын түвшинд оччилоо. Тэр том урлагийн тайзнаа би гэдэг хүн шүлэг уншаад зогсох юм гэж хэн бодохов дээ... бас ч гэж дурсамж шүү. Хар мянган хүний өөдөөс, сургуулийнхаа бүх оюутнуудынхаа өөдөөс хараад тайзан дээр зогсох ч амаргүй эд байна лээ. Яджаахад тайзны олон том том прожекторуудын өөдөөс нүд гялбаж нүүр улайж хоолой чичирч байлаа. Ичих халууцах зэрэгцээд ирэхэд дүрдээ орцон шүлгээ би уншсан, уншиж дуусахад нулимс дуссан...

Б.Лхагвасүрэн : Реквием

Таны
Цас цагаан гантиг өлмийд чинь
Цэцэг зул өргөе гэж
Цэцэг түүлээ, би
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөс
Цэцэг түүлээ.
Цэцэг түүхдээ уйлж түүлээ.
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бүхнийг түүлээ

Тандаа цэцэг дэвсэе гэхэд
Нэгэн зуных байтугай
Нэгэн зууны цэцэг үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруугүй эх минь
Таныгаа
Орчлонгийн үнэн, мөнхийн шөнө дундуур
Одлоо гэж уйллаа.
Одод хийсэм үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа.
Таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж
Мандах нарны зүг ургана гэж уужирлаа
Энх шаргал үүрээр хиртэшгүй цагаан цолмон байж
Эхлэл бүхний манлайд гялалзанаа гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуунаараа царцсан сүү
Ижий минь би таны
Үргэлжлэл

1971.05.24

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдлээ үлдээнэ үү