Saturday, March 17, 2007

Миний хамгийн дуртай шүлэг

"Бяцхан сургаал"
Булаг усны цутгалан сөргөж ордог жамгүй,
Буунаас гарсан сум сөөргөө ирдэг замгүй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгүй,
Буруу зөв хоёрыг нэгэн дор шийдэхгүй.
Бузрын нүх уруу өөрийгөө еерөө түлхэх хэрэггүй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггүй!
Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггүй,
Арслан, заан гэвч хүчтэн хэвээр төрдөггүй,
Амьд байгалийн хуулийг хүний хүү тэрсэхгүй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгүй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггүй,
Алдсан хойноо харин түүнээ давтах хэрэггүй.
Би л айдаггүй хүн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сүйтгээд ч яахав.
Алдаж буруүтах вий гэж юм бүхнээс айсаар
Ахиж олдохгүй насаа аргамжилж хүлээд ч яахав,
Наргих ёстой газраа наргисан шиг нарги!
Найман настай балчир шиг бодох юмгүй жарга!
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!
Хүсэл бүтээл хоёртоо эзэн нь болж сур!
Хүн урьд нь бүтээснийг заавал давуулахыг зорь!
Мэдлэг бүхнээс амсаж, мэдэхийн дайтай мэд,
Мэдсэн хүний дэргэд ч, мэргэдийн дайтай зэрэгц
Өөрөө тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй!
Өрөөл чинь хэрэв гуйвал ялихгүй битгий харамла!
Өвөр түрий хоосон бол шалигийн зүйлс бүү шохоорх!
Өр зээл ихтэй бол нэгэн газар бүү суу!
Архинд хэрвээ дүртай бол уухын эрдмийг бас сур
Амьтан бүхний түрүүнд унахын эрдмийг бүү үзүүл!
Аяган дахиа хоословч лонхон дахиа хоослолгүй
Ахиад маргааш өглөө нь дотор засахаа бод!
Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур!
Эрэгчин адгуустэй адилхан зайдагнахаа бүү яар!
Энэ шөнө өнгөрөвч ертөнцийн маргааш олон,
Эргээд хэзээ ч магадгүй уулзана гэдгээ бод
Ав! гэсний нь эоргоор хүнээс юм авахдаа чи
Авдар савыг нь хоослоод бүгдийг нь авахгүйн учир
Аль! гэсний нь зоргоор хүнд юмаа өгөхдөө чи
Ар талд нь бас өөрт үлдээхээн бод!
Өөрийн нутагт явахдаа хүний хүнийг хайрла!
Хүний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!
Эцэг нь үгүй хүүхэд эхээс төрөх ёсон байвч
Нутаг нь үгүй хүн хорвоод байдаг учиргүй!
Өөрөө цадах тусмаа өлөн хүнийг өрөвд!
Өлсөх цагтаа харин цатгаланд бүү хонзогно!
Өнгөтэй хувцас өмсөөд тостоос холуур яв!
Өөрөө тостой бол харин өнгөтөөс бүү дөл!
Нэг идэх хоол бол хугас өдрийн хань,
Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань,
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр үлдэж,бие үхдэгийг бүү март!


1975—8—18
Р.ЧОЙНОМ

10 жилд шүлэг унших дуртай болёон үеэс л ямар үнэн үгтэй СУРГААЛЬ вэ гээл дахин дахин уншдаг байж билээ...

1 comment:

  1. hi. tiim shvv ene bas minii dyrtai shvleg bgaa yam. er ni Svmtei bydriin chylyy minii shireenii nomnii neg shvv

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү